Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Баян-Уул сум
  • Суурин газар

Баян-Уул сум нь анх 1922 онд “Алхана сум” (дарга нь Д.Дондог) нэртэйгээр байгуулагджээ. 1925 онд зарим буриад сумдын нэрийг хуучин хойт нутагт байсан нэрээр нэрлэж байсныг болиулж, өөрийн нутаглаж байсан газрынх нь нэрээр нэрлэх болсноор “Алхана” гэж нэрлэгдэж байсан энэ сум Баян Хан уулын сум (дарга нь Ц.Равдан) болж, эдүгээгийн тус сумын нутаг Эрдэнийн булаг, Доод Наанги, Баадай хөндий зэрэг газраар нүүдэллэн төвлөж байв. 1929 оны үед одоогийн Баяндун сумын Өвгөд уулнаас баруун тийш Улз голын дагуух суманд Бумбат, Дэлгэр уул, Баянзүрх, Паршин сумд нийлж “Тариалан сум” гэж нэрлэгдэх болсон байна. 1932 онд “Шинэ эргэлтийн бодлого”-ын заалтыг үндэслэн Тариалан сумыг дахин Баян-Уул (дарга нь Ц.Галдан, нарийн бичгийн дарга нь П.Цэвээн) гэж нэрлэж, одоогийн сумын төв Жаварт хошуунд төвлөрүүлжээ.

Энэ суманд 1923 онд Ойн аж ахуй (дарга нь Дамдин), 1924 онд Харилцан туслалцах хоршоо (дарга нь Ж.Цэрэн), 1925 онд бага сургууль (захирлыг нь Д.Дондог хавсарч байв), 1929 онд намын үүр (дарга нь Д.Дарьжав), 1934 онд мал эмнэлгийн салбар (эрхлэгч бага эмч нь Чимэдрэгзэн), 1938 онд хүний бага эмчийн салбар (эрхлэгч бага эмч нь Ц.Даржаа), 1939 онд гар үйлдвэрлэлийн артель (дарга нь Ц.Содов), 1941 онд сүү тосны завод (эрхлэгч нь А.Содномдагва), 1944 онд Эрээний тэрэгний үйлдвэр (дарга нь Д.Содномдаржаа), 1949 онд “Холбоо” нэгдэл (дарга нь Д.Сэрээтэр), 1950 онд Ононгийн сангийн аж ахуй, 1955 онд Холбооны газар (эрхлэгч нь Я.Рэнцэн) тус тус байгуулагджээ. Тус сумын хүний бага эмчийн салбар нь 1951 онд их эмчийн салбар (эрхлэгч их эмч нь Ц.Жалам) болж, бага сургууль 1944 онд бүрэн бус дунд сургууль болж өргөжин хөгжжээ. 1961 онд “Холбоо” нэгдэл татан буугдаж Ононгийн САА-тай нийлсэн байна. 1990-ээд онд САА, зарим албан байгууллагууд хувьчлагдаж, өмч хөрөнгө, мал нь хувьд шилжжээ.

Сумын нутаг дэвсгэр нь 562278 га, бэлчээрийн газар 339145 га, хадлангийн талбай 45296 га, тариалангийн газар 16.5 га байна. Төв нь УБ хотоос 600 км, Чойбалсан хотоос 189 км алслагдсан Жаварт хошуу суурин. Сумын нутаг дэвсгэр нь Хан Хэнтийн их нурууны үргэлжлэл Эрээний нурууны төгсгөл хэсэг ойт хээр, тал хээрийн бүсийн заагт орших байгалийн бүрдлийг төлөөлөхүйц үзэсгэлэнт нутаг. Дун уул (1434 м), Онцгой уул (1425 м), Бүрэнхаан уул (1438 м), Баруун хар чулуу (1344 м), Баян хан уул (1299 м) гэх мэт 35 орчим уултай, Онон, Улз, Хархираа, Эрээн урт зэрэг гол, Холбоо, Хар нуур зэрэг том, жижиг нуур тойромтой.  Ууланд нь нарс, хар мод болон хэдэн төрлийн навчит мод ургадаг. Сүүлийн хориод жилд Улз голын урд шилээр залуу нарсан ой өргөжин тэлж байна. Энд буга, хүдэр, бор гөрөөс, гахай, баавгай, хэрэм, шилүүс, дорго, илбэнх, чоно зэрэг ан амьтан элбэг бий. Ой модонд мойл, гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаагана, нэрс, долоогоно, чацаргана зэрэг жимс, жимсгэнэ, мөөг, сонгино, жууцай, мангир таана зэрэг амтлагч ногоо элбэгтэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1-р сарын дундаж температур -22-24 С, 7-р сарынх +18-20 С, жилд дунджаар 300-350 мм тунадас унадаг.

Загасны газар зүйн мужлалаар Амар мөрний мужид Онон, Улз голууд ордог. Хээрийн болон усны шувуу элбэгтэй. Аймгийн нийт ойн 85.0 хувь нь энэ суманд байдаг тул түүнийг түшиглэн ойн аж ахуй, мод үржүүлгийн газар, хөрөө рам бүхий аж ахуйн нэгжүүд ажилладаг. Энэ сумын нутагт Баян-Уул, Бүрэнхаан , Лам овоо, Зүрх овоо зэрэг тахилгатай уул овоо бий.

Сумын хүн ам 4500 бөгөөд засаг захиргааны 6 багт харъяалагддаг. Малын тоо 82000 орчим толгой, үүнээс тэмээ 140 гаруй, адуу 9200, үхэр 13200, хонь 35000, ямаа 25000 толгой байна.

360 зураг

Газрийн зураг