Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Бидний тухай
Хөрс, ургамалжилт, амьтны аймаг, ландшафт
  • 2019.10.09

Хөрс. Аймгийн нутаг дэвсгэрийн газрын гадарга уур амьсгалын нөхцөлтэй уялдан уулын ойн, ойт хээрийн ба хээрийн, бүс дундын гэсэн үндсэн бүсшилтэй хөрсний дараах хэв шинжүүд ялгарчээ. 

  • Уулын ойн бараан хөрс – Эрээний нуруу орчмоор.
  • Нам уул ухаа толгодын хар шороон хөрс – Нутгийн баруун хойд болон зүүн хэсгийн Хянганы салбар уулсаар. 
  • Тал хөндий, цав толгодын хар шороон хөрс – Нутгийн баруун хойд, Улз голын өмнөд биеэр, зүүн хэсгийн уулархаг нутгийн зах хаяа нутгаар. 
  • Нам уул ухаа толгодын хар хүрэн хөрс – Цагаан овоо, Сэргэлэн сумдын зааг нутаг, Булган сумын өмнөд хэсгээр.
  • Тал хөндий, цав толгодын хар хүрэн хөрс – Аймгийн нутгийн ихэнх хэсэг хойд, төв, зүүн хэсгийн үлэмж нутаг энэ хэв шинжид хамаарна.
  • Тал хөндий, цав толгодын хүрэн хөрс – Нутгийн зүүн хойд Улз голоос зүүн тийш, Хөх, Шаварт, Жирмийн цагаан, Хярт нуурын эргэн тойронд, мөн өмнөдөд Матад, Тамсагийн саваар тархсан.
  • Хужир мараат хөрс – Нийт нутгийн хотос хонхор, нуур тойром бүхий нутгуудаар алаг цоог, тасархайтсан байдлаар тархжээ.
  • Нугын, нугат намгийн, намгийн хөрс – Нутгийн баруун хойд Улз голын дагуу болон өмнөд биеэр, Буйр нуурын эргэн тойронд, Дэгээ, Нөмрөг голын дагуу, зүүн хэсгийн уулархаг нутгийн зах хаяа зарим нутгаар.
  • Голын татмын хөрс – Хэрлэн, Халх, Улз, Дөчийн голын сав дагуу.
  • Элс – Нутгийн зүүн хэсгээр хэд хэдэн газарт тасархайтсан байдлаар элсэн хуримтлалууд бий болжээ.  

Монгол орны хөрс – газарзүйн мужлалтаар Хангайн их мужийн Монголын Дорнод муж, хар хүрэн, хүрэн хөрсний дэд бүсийн Өндөрхаан-Түмэнцогтын тойрог, Хэнтийн мужийн Хэнтийн зүүн тойргуудад тус тус хамаарна.                                                       

Ургамалжилт.  Тус аймгийн ургамалшилт нь ерөнхий шинжээрээ Монголын жинхэнэ хээрийн бүсэд хамаардаг харьцангуй нэг төрлийн ургамалшилтай. Зарим газраа тайгажуу шинэсэн ой, уулын хээр, дэрс-түнгэт, цахилдагт хотгорууд алаг цоог байдлаар бий болсон. Ургамалшилын хэв шинжээр нь авч үзвэл: 

  • Ойн ургамалшил – алаг өвс-ритидиум хөвдөт, алирс-ритидиум хөвдөт, туидиум-хөвдөт тайгажуу шинэсэн ой. Нутгийн баруун хойд Эрээний нурууны ой бүхий уулархаг нутгаар.
  • Уулын хээрийн ургамалшил – алаг өвс-үетэнт, алаг өвст нугажуу хээр. Аймгийн нутгийн зүүн хэсгийн Хянганы салбар Соёлз уул орчмоор. 
  • Уулын хээрийн ургамалшил – зүр өвст, алаг өвс-үетэнт, хиаг-хялгана, сөөгт. Нутгийн хойд болон зүүн хэсгийн бүх нутаг энэ хэв шинжийн ургамалшитай.
  • Хуурай хээрийн ургамалшил – харгана, жижиг үетэн хялганат, чулуусаг алаг өвс ботуульт. Нутгийн төв ба Буйр нуурын баруун өмнөд хэсгээр тасархайтсан алаг цоог тархалттай. 
  • Хуурай хээрийн ургамалшил – харгана бүхий жижиг үетэн-хиаг-хялганат. Нутгийн төв ба өмнөд, зүүн хэсгийн бүх нутаг энэ хэв шинжтэй.
  • Хэт гандуу цөлийн ургамалшил – дэрст, түнгэт, цахилдагт. Нутгийн төв, зүүн, хойд хэсгийн хотос, хонхор бүхий газруудад хэсэг хэсгээр алаг цоог байдлаар тархана.
  • Нуурын хөвөө, голын татмын ургамалшил – бургас, улиас, хааяа шинэс, гацуур бүхий улалжит, үетэн-алаг өвст, дэрст. Хэрлэн голын дагуу бүрэлдсэн.

Монгол орны ургамал – газарзүйн мужлалтаар Евроазийн шилмүүст ой, нуга хээрийн их мужийн, Дорнод Азийн мужийн Дэгээ-Нөмрөгийн тойрог, Евроазийн хээрийн их мужийн, Дорнод Азийн мужийн Улз-Хэрлэнгийн тойрог, Халх голын тойрог, Төв Азийн мужийн, Матад-Тамсагийн тойрогт тус тус хамаарна. 

Ан амьтан. Хянганы ба Хэнтийн нурууны зах, хаяа нам уулын тайгархаг ой, уулын ойт хээр, хээр, голын хөндийн татамын нуга гэсэн байгалийн олон янз төрх байдал хосолсон энэ аймаг нь олон зүйлийн ан амьтан, загас, шувуудтай. Эрээний нуруу, Соёлз уул орчмоор – хандгай, буга, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг Сибирийн ой тайгын амьтдын зүйлүүд, тал хээрт – цагаан зээр, үнэг, чоно, хярс, мануул, илбэнх, тарвага, олон зүйл мэрэгч, нуур усанд – олон зүйл загас, дэлхийн болон Монголын улаан номонд бичигдсэн олон зүйл ховор шувуудтай. Монгол орны шувууны – газарзүйн мужлалтаар Дорнод Монголын тэгш талын мужид, хөхтний – газарзүйн мужлалтаар Монгол-Түвдийн мужийн Монголын хээр ба ойт хээрийн дэд мужийн Хянганы тойрогт, Монгол Дагуурын тойрогт тус тус хамаарна. 

Ландшафт. Байгаль цаг уур, хотгор гүдгэр, ус, хөрс, ургамал, амьтан зэрэг байгалийн иж бүрдлүүдээс хамааран ландшафтын дараах хэв шинжүүд бүрэлджээ. 

  • Хангай, Хэнтийн нурууны дундаж уулсын сүүдэрхэг хажуу дахь уулын ойн бараан хөрстэй, үетэн-алаг өвст шинэсэн ойн ландшафт. Эрээний нуруу орчмоор. 
  • Орхон-Сэлэнгэ, Дэгээ-Нөмрөгийн савын дундаж ба нам уулс дахь уулын хар шороон хөрстэй, алаг өвс-улалж-үетэнт нугат хээр, хэсэг хэсэг шинэсэн ой бүхий ойт хээрийн ландшафт. Зүүн хэсгийн Хянганы салбар уулсаар. 
  • Монгол орны зүүн хэсгийн нам уулс ба ухаа гүвээт талын хар хүрэн хөрстэй, алаг өвс-зүр өвст нугат хээрийн ландшафт. Нутгийн зүүн хойд хэсэг.
  • Монгол орны зүүн хэсгийн нам уулс ба ухаа гүвээт талын хар хүрэн хөрстэй, алаг өвс-хялганат хээрийн ландшафт. Нутгийн хойд хэсэг Улз голын хойд өмнөд нутаг бүхэлдээ, зүүн хэсгийн зарим нутаг.
  • Монгол орны дорнод хэсгийн нам уулс өндөрлөг талын хар хүрэн, хүрэн хөрстэй чулуусаг алаг өвс-хялганат хуурай хээрийн ландшафт. Нутгийн баруун, баруун өмнө, өмнөд хэсгийн зарим нутгууд.
  • Монгол орны төв ба зүүн хэсгийн өндөрлөг талын хүрэн хөрстэй, хялганатай жижиг үетэнт-хялганат хуурай хээрийн ландшафт. Нутгийн төв хэсгийн Хэрлэн голын хойд өмнөд бүх нутаг. 
  • Монгол орны төв ба зүүн хэсгийн өндөрлөг талын хүрэн хөрстэй, хялгана- жижиг үетэнт хуурай хээрийн ландшафт. Матад, Мэнэн, Тамсагийн сав дагуух бүх нутаг.
  • Голын хөндийн ёроол дагуух нугат намгийн болон нугат мараалаг хөрстэй, бургас-улиасан шугуйтай үетэнт, үетэн алаг өвст нугын ландшафт. Халх гол сав дагуу.
  • Голын хөндийн ёроол дагуух нугат намгийн болон нугат мараалаг хөрстэй, бургасан шугуйтай үетэн-улалжит, намгархаг нугын ландшафт. Хэрлэн голын сав дагуу.
  • Хотос хонхорын ёроол дагуух мараалаг болон хужирлаг хөрстэй алаг өвс-үетэн-дэрст хам бүрдэл. Нутгийн төв болон зүүн хэсгийн алаг цоог тархалттай, хотос хонхорууд.

 

Их нууруудын хотгор болон өмнөд нутгаар ихэвчлэн тархсан бургас, хайлаас, нарс ургасан элссэг алаг өвс-үетэнт ургамалжилтай молцог элс. Нутгийн зүүн хэсгийн Тамсагийн хоолойн өмнүүр орших элсэн хуримтлал бүхий газрууд тус тус хамаарна.