Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Бидний тухай
Газарзүйн байрлал, гадаргын онцлог
  • 2019.10.03

Тус аймаг нь Монгол орны зүүн хэсэгт орших ба  123.6 мянган ам дөрвөлжин км нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг, баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай хиллэдэг. Аймгийн төв Чойбалсан хот нь нийслэл Улаанбаатар хотоос 655 км зайтай. Тус аймгийн нутаг нь далайн түвшнээс дээш 560-1300 м өргөгдсөн ухаа, гүвээ бүхий тал нутаг юм. Нутгийн зүүн өмнөд хэсэгт Мэнэн, Тамсаг, Матадын өргөн талууд, Дорнод талын үзэсгэлэн болсон Буйр нуур, Хөх нуур, Яхь нуур зэрэг том, жижиг олон нуур цөөрмүүдтэй. Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын, Монгол Дагуурын дархан цаазат, Угтам, Тосон-Хулстайн байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудтай.

Өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн X-XI зууны Киданы үеийн Хэрлэн барс хотын туурь, Хэрмэн зам, XIX зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулуунууд, Угтамын хийдийн тууриудаас гадна 1939 оны Халх голын ялалтын хөшөөнүүд зэрэг түүхийн дурсгалт газрууд олонтой.

Тус аймаг засаг захиргааны 14 сум, 59 багтай, халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястанаас бүрдэх 80 мянган хүн амтай, үүнээс 55 гаруй хувь нь Чойбалсан хотод амьдарч байна. Хүн амын 70 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг.

Нутгийн ихэнх хэсгээр тал хээрийн үлдмэл, өнчин, нам уулс, ухаа гүвээт толгод эзлэх ба баруун хойд хэсгээр Эрээний нуруу, зүүн хэсгээр Их Хянганы нурууны салбар захын уулс оршино. Энд 1000м-ээс дээш өндөртэй Хөх уул /1046м/, Хурам хан уул /1166м/, Хөгнө уул /1132м/, Өгөөмөр уул /1178м/, Буурал уул /1194м/, Баруун Матад /1246м/, Зүүн Матад /1050м/, Вангийн Цагаан уул /1099м/, Ламын хайрхан уул /1186м/, Соёлз уул /1504м/, Модтой хамар /1290м манай орны хамгийн зүүн захын цэг/ зэрэг уулс байна. Хээрийн бүсийн ухаа гүвээрхэг, толгодорхог болон тэгш тал үргэлжлэн орших учир газрын гадаргын хотгор гүдгэрийн ялгаа багатай. Нутгийн хамгийн өндөр цэг нь хоёр улсын хил дээрх Соёлз уул д.т.дээш 1504м өндөр, хамгийн нам цэг нь Хөх нуур д.т.дээш 560м, энэ нь манай орны хамгийн нам цэг билээ.

Гадаргын онцлогийг хотгор гүдгэрийн морфологи хэв шинжээр нь авч үзвэл өндөрлөг тал ба цав толгодын /1000-1500м/, намдуу талын /1000м-ээс доош/ хэв шинжид, геоморфологийн мужлалтаар Төв Азийн геоморфологийн их мужийн Монголын Дорнод мужийн Улз-Хэрлэнгийн, Баруун-Уртын, Мэнэнгийн талын, Тамсаг-Буйр нуурын, Нүхт давааны дэд мужид, Сибирийн геоморфологийн их мужийн Хэнтийн мужийн Эрээний нурууны, Хянганы мужийн Халх голын дэд мужид тус тус хамаарна. Монгол орны байгалийн газарзүйн мужлалтаар Хангай-Хэнтийн уулархаг их муж, Төв Азийн өндөрлөг тал, хотгор, уулт их муж, Их Хянганы уулархаг их мужид багтана. /Мужлалтыг З.Санжмятав “Монгол орны байгалийн газарзүй 2011 номноос авав”/.