1931 онд Очирбаярмөнх, Зэндмэн сумдын хэсэг хүмүүсийн санаачилгаар Дунгийн Уртын Ширхэн хашаат гэдэг газар анх байгуулагдсан Хөгнө сум (дарга нь Ч.Аюурзана), 1946 онд Хунт сумын нутагт байгуулагдсан Хэрлэнбаяр сум (дарга нь А.Амгалан) хоёрыг татан буулгаж нэгтгэн АИХ-ын тэргүүлэгчдийн 1961 оны 1-р сарын 1-ний өдрийн зарлигаар Сэргэлэн сумыг байгуулжээ. Ийнхүү халх, үзэмчин, дөрвөд ястнаас бүрдсэн Сэргэлэн сум, Сэргэлэн хараат уулын энгэрт, Галын голын хойт дэнжид зэлүүд газар төвлөрч, хоёр сумын нэгдлүүдийг нэгтгэн “Дөчин жил” хэмээн нэрлэжээ. Ардын хувьсгалын 40 жилийн ойн үеэр нэгдлүүдийг нэгтгэх үйл явц давхацсан учир ийнхүү бэлгэдлийн утгыг агуулж нэрлэсэн ажээ. 1961 онд намын үүр (дарга нь Д.Содномцэрэн), ХЗЭ-ийн үүр (дарга нь Ж.Пүрэвдорж), бага сургууль (захирал нь Л.Даваа), хүн эмнэлгийн салбар (эрхлэгч бага эмч нь О.Самдан), мал эмнэлгийн салбар (эрхлэгч бага эмч нь Ц.Гэндэн) байгуулагджээ.
Сумын нийт нутаг дэвсгэр 416929 га, үүнээс бэлчээрийн газар 265499, хадлангийн талбай 44100 га, тариаланд тохиромжтой 107330 газартай. Хамгийн өндөр уул нь Хөгнө (1132м) сумынхаа хойт хэсэгт оршдог, бусад хэсгээр нь нам уул толгод (1000-1050м) бий.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1-р сарын дундаж температур -22°С, 7-р сард +21°-22°С, жилд дунджаар 250 мм тунадас унадаг. Галын гол нутгийн дундуур урсдаг. Яхь, Улаан, Цагаан, Хурган, Хүрээт зэрэг нуур тойромтой. Нам уулс, гүвээ, толгодоор нимгэн карбонатлаг хар хүрэн, хөндийгөөр нугын нунтаг хүрэн, Яхь нуур, галын голын хөндийгөөр нугын мараалаг хөрстэй. Нутгийн хойт хэсгээр алаг өвс, хялгана, зүр өвс, үетэн, хиаг, бусад нутгаар жижиг бутлаг үетэн, хиаг, хялгана, харгана голлосон хээрийн ургамалтай. Цагаан зээр, үнэг, хярс, чоно, мануул, дорго, тарвага гэх мэт ан амьтантай. Хээрийн ба усны шувуу элбэгтэй, Сэргэлэн хараат, Лүнгэрийн овоо, Алтан овоо, Довдой, Эрдэнэ овоо, Бэрхийн цагаан овоо, Баян уул зэрэг тахилгатай уул овоотой. 1992 оны өмч хувьчлалаар “Дөчин жил” нэгдэл задарч гишүүдийн зарим хэсэг нь ардын аж ахуйтан болж, зарим хэсэг нь “Баялаг”, “Таван эрдэнэ”, “Буянт” зэрэг аж ахуйн нэгжүүдийг байгуулсан боловч 1993-1994 онд дээрх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, хөрөнгөө дахин тараасан байна.
Сумын хүн ам 2000, засаг захиргааны 5 багт харъяалагддаг. Нийт мал 121000, үүнээс тэмээ 540, адуу 14800, үхэр 8500, хонь 65000, ямаа 32500 толгой байна.