Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
“АЛТАН ДӨРӨӨ” НААДАМ.
  • 2019.11.21 - 2019.11.22

Үзэмчин ястны давтагдашгүй арвин баялаг өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор үзэмчин ястнуудын үүсгэл санаачилгаар 2003 онд “Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэг”-ийг байгуулсан юм.

Тус нийгэмлэг нь ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдтэй. Үзэмчин ястан олноор амьдран суудаг Дорнод аймгийн Сэргэлэн, Баянтүмэн, Булган, Хэрлэн сумдад болон Улаанбаатар хотод нийгэмлэгийн салбар зөвлөл ажилладаг.

Үзэмчин ястнууд олон зууны тэртээгээс монгол төрөө дээдлэж их эзэн Чингис хааныхаа эмээлийн дөрөөг Сүлд шүтээнээ болгон тахиж жил бүр хошуу хотлоороо цуглаж өргөл хүндэтгэл үзүүлэн агт морьдоо сэтэрлэж эрийн гурван наадам хийж байсан эртний түүхэн уламжлалтай билээ.

Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэгээс санаачлан үзэмчин ястны түүх соёлын дэвшилтэд зан үйлийг залуу хойч үедээ өвлүүлэх зорилгоор Үзэмчин ардын соёл, урлаг, спортын “Алтан дөрөө” наадмыг анх 2005 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд зохион байгуулж уг наадам нь анхнаасаа олон улсын шинжтэй 3 жил тутамд хийдэг уламжлалт наадам болсон.

Энэхүү наадам нь дуу хуур, урлагийн наадам, Бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, үзэмчин сурын харваа, үзэмчиний уламжлалт бөмбөг шагайн наадаан, үзэмчин хувцас загварын болон хос морьтныг шалгаруулдаг уламжлалтай.

. Энэхүү наадамд аймаг, сумдын удирдлага, иргэд Улаанбаатар хот, Сүхбаатар, Хэнтий аймаг, бусад аймаг,хотоос болон ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Зүүн үзэмчин хошууны төлөөлөгчид оролцож наадам өргөн дэлгэр болдог.

Үзэмчин ястангууд эзэн Чингисийнхээ дөрөөг сүлд шүтээнээ болгож тахиж ирсэн түүхэн уламжлалтай. Энэ утгаар нь бид наадмаа “Алтан дөрөө” гэж нэрлэсэн юм.