Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
УТАЙ ТАВАН УУЛ
  • Байгалийн үзэсгэлэнт

Тамсагийн булагийн ард Түмэн-Өлзийт овооны өвөрт Өмнөд далайн Нан Хай Ботла гэдэг мөргөлийн газрыг дуурайлган үйлдсэн таван оргилтой хиймэл уул байгуулан оройд нь таван тэнгэрийг бэлгэдэн /сэцэн, арслант, билэгт, ариун, номт/ манзуширын суваргыг бүтээжээ. Утай таван уул нь таван давхар сууцнаас өндөр агаад энгэр тал нь насны гурван бурхантай, уулын урд тал нь эгц, ар тал нь налуу, орой дээр нь мөргөлийн таван газартай байсны дундах нь нэлээд том байжээ. Эргэн тойрон шавар хэрэмтэй урдаа 2 хаалгатай,баруунаар нь орж зүүнээр нь гардаг. Тамсагбулагийн төвд орших Аж булаг гэдэг булгийн усыг шуудуулан татаж Хиймэл уулаа эргэн тойрон хүрээлэн хиймэл нуурыг бий болгож уулруу тусгай завиар ирж очдог байсан гэж Ш. Нацагдорж То ван түүний сургаал номондоо бичсэн байдаг. Илдэн вангийн хошууны ардууд Хятадын нутагт байдаг Утайд мөргөхөөр явж зун намрын цагт хийх ажлаа алддагийн зэрэгцээ Монголын нутгаас алт, мөнгө, эрднэс баялаг, адуу мал, өдий төдийгөөр гадагш урсан гарч байгааг хязгаарлах арга нь хүчээр биш, бодит ажлаар хийгдэх явдал гэж үзэж То ван тэр мөргөлчтэй уулзан өөрийн нутагт Утайг байгуулах тухай ярилцахад дуртай зөвшөөрсөн тул хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг хоёр хувааж нэг хэсгийг нь тамсагбулагийн эхэнд тоосго цохиулж, нөгөө хэсгээр нь Түмэн-Өлзийт овооны энгэрт хиймэл уул байгуулсан байна. Уг  ажилдаа 3-4 км газарт хөлгүй нүдгүй хүмүүсийг эгнүүлэн суургаж тоосго шаврыг гар аргаар дамжуулан зөөлгөсөн гэдэг. Өдгөө Утай таван уулын эргэн тойрон байсан ус гүйх сувгийн ором, хиймэл уулын орой дээрх барилгын ул мөр бий.