Дорнод аймгийн Матад сумын төвөөс баруун ургаш 12 км-т Баруун Матад хан уулын өвөрт тал нутгийн жижигхэн толгодын дунд Хангай газрыг санагдуулан хайлаас, тоорой ургасан баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэй 3 км гаруй үргэлжлэх ам байдгийг Баянхангай гэдэг. Баянхангайруу орох үзүүрт 100 гаруй метр өндөр цавчим хар саарал хадан цохио байх бөгөөд түүний ёроолд 4-5 м орчим хонгил,хадан цохионы дээд талд 30 орчим метр ухаж дотрлосон худаг байдаг. Энэ худгийг социализмын үед оросууд тал нутгаар худаг гаргаж явахдаа ухаж байжээ.Нутгийн хүмүүс уг худгийг ухаж байхдаа худаг дотроос аврага могойн толгой цухуйгаад гарч ирэх гээд байхаар нь цааш ухалгүй орхисон гэж домоглон ярьдаг. Баянхангайн амаар дээш 1 км орчим өгсөөд Хуянгийн мод гэж гандаж хувхайрсан мод байдаг. Энэ мод нь эргэн тойрон гүвдрүүтэй бөгөөд түүнд нуруугаараа налж үрэхээр хуян арилдаг гэдэг. Мөн модон дээр 5 ширхэг гандсан махир мөчир байх ба хуянтай хүмүүс түүгээр хүзүү, мөрөөр дарахаар хуян нь арилдаг гэж нутгийхан ярьдаг. Баянхангай нь тал нутгийн үзэсгэлэнт газар учраас Матад сумын болон ойр хавийн иргэд энд ирж амрах нь олонтой байдаг. Матад сумын төвлөж байгаа зүүн булаг гэдэг газарт 1941 онд ЗХУ-н геологчид нүүрсний ордыг нээн нөөцийг нь тогтоон уурхай барьж 1948 оныг хүртэл ажиглаж байсан гэдэг.
Матад сумын төвд Ардын уран зохиолч, Академич, Төрийн гурван удаагийн шагналт эрдэмтэн Ц. Дамдинсүрэнгийн гэр музей сумын 8 жилийн сургуулийн хашаан дотор байдаг.