Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Чойбалсан хот
  • Суурин газар

Хүн ам: 80.0 / 2018 оны байдлаар /

Нутаг дэвсгэр 123.5 мян ам км

Аймгийн төв Чойбалсан хот /Улаанбаатар хотоос 656 км/

Аймгийн байгуулагдасан түүхийг сөхвөл: Дорнод аймгйин газар нутаг нь Монгол Улсын засаг захиргааны анхны гурван аймгийн нэг Сэцэнхан аймагт 1627 оноос, Хэрлэн Барсын чуулганд 1728 оноос, Хан Хэнтйи уулын чуулганд 1911 оноос тус тус харъяалагдаж байгаад 1924 онд Хан Хэнтий уулын аймагт харъяалагдах болсон байна.БНМАУ-ын засгийн газрын 1931 оны 11-р сарын 6-ны өдрийн тогтоолоор Дорнод аймаг нь 24 сумтай 212.8 мян км кв нутаг дэвсгэртэй, 75.8 мян хүн амтай, 1.4 сая толгой малтай байгуулагдаж, аймгийн төв нь Баянтүмэн хот болов. Дорнод аймаг нь уудам их нутагтай, зам харилцаа хөгжөөгүйн улмаас сумдыг биечлэн удирдах, холбоо барихад хүндрэлтэй байсныг харгалзан үзээд Сүхбаатар аймгийг анх Жавхлант Шарга уулын аймаг нэртэйгээр байгуулахад Дорнодоос 10 сумыг шилжүүлэн өгч байжээ. 

Засаг захиргаа эдийн засаг : Дорнод аймаг нь одоо засаг захиргааний 14 нэгжтэй, 123.5 мян ам км нутаг дэвсгэртэй. Аймгийн төв Чойбалсан хот нь нийслэлээс 656 км алслагдсан бөгөөд д.т.д 700 метр өндөрт оршдог, засаг захиргааны хувьд Хэрлэн суманд хамаарагдан 40 гаруй мянган хүн амтай манай орны томоохон хотуудын нэг бөгөөд засаг захиргааны үндсэн нэгж болох 10 багаас бүрдэнэ. Чойбалсан хот нь тус орны төмөр замын хоёр дахь том зангилаа хот төдийгүй авто болон агаарын тээврийн чухал зангилаа газар юм.

Дорнод аймаг халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястнаас бүрдэх 73.4 мянган хүн амтай, 70 гаруй хувийг 35 хүртэлх  насны хүүхэд, залуучууд эзэлдэг.Тус аймгийн дотоодын тээвэрт 370 орчим км төмөр зам ашиглагдаж байна. Энэ замаар Ази, Европын орнуудтай шууд холбогддог бөгөөд цаашдаа “Тумэн бүс” хөтөлбөрийн хүрээнд Баянтүмэнгийн төмөр замыг БНХАУ-ын Аршаантын чиглэлд 450 гаруй км зам тавьж холбох урьдчилсан судалгааны ажлууд хийгдээд байна.

Дорнод аймаг нь дэд бүтэц сайн хөгжсөн.”Зүүн бүсийн эрчим хүчний систем” ХК Дулааны цахилгаан станц, “Адуунчулуун” ХК, “Дорнод гурил” ХК, махний үйлдвэрлэл худалдааны “Дорнод” ХК, Нефть хангамжийн газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Зүүн бүсийн оношлогоо, эмчилгээний төв зэрэг бүсийн хэмжээний томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, газруудтай. Ерөнхий боловсролын 27 сургууль, 26 цэцэрлэг, мөн Дорнод Монголын дээд сургууль, Монгол мэдлэгийн дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шаталсан сургалттай техник технологийн сургууль үйл ажиллагаа явуулж байна. 

Газар зүйн байршил : Дорнод аймаг нь Монгол орны зүүн хязгаарт хойд хэсгээрээ ОХУ-ын Чита мужтай, зүүн буюу өмнөд хэсгээрээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянагн, Шилийн гол аймагтай, баруун талаараа Хэнтий, баруун урд талаараа Сүхбаатар аймагтай хил залган оршдог.

Газрын гадрага : Аймгийн нутаг далайн түвшинээс дээш 560-1300 м өргөгдөн ухаа, гүвээ толгод бүхий тал хээр бөгөөд нийт нутгийн 4/5 хувийг тэгш тал, гүвээ толгод бүхий тал хээр эзэлдэг. Аймгийн хойд хэсэгт д.т.д 560 мерт Хөх нуурын хотгор оршдог нь манай орны хамгийн нам дор цэг болдог. Аймгийн зүүн өмнөд хэсэгт Дорнод Монголын /Мэнэн, Тамсаг, Матадын/ өргөн уудам тэгш тал үргэлжлэх бөгөөд дархалсан нийт талбай нь 5704 км.кв буюу 570.4 мянган га юм. Дорнод Монголын тал нь 300 гаруй км үргэлжлэх бөгөөд зарим газраа 150 км өргөн юм. Зүүн өмнөд хэсгээрээ 1000-1500 метр өндөр өргөгдсөн Хянганы салбар уулс, Онон мөрний дагуу модтой бэсрэг уулс, Улз голын сав газраар өндөрлөг уулстай. 

Эрдэс баялаг : Дорнод аймаг нь нефть, уран, алт, мөнгө, холимог металл, хайлуур жонш, хүрэн нүүрс зэрэг 24 төрлийн аштгт малтмалын 30 орд, 172 илрэлтэй. Дорнод аймагт Цагаанчулуутын алт, Нарсанхөндийн цагаан туглагны орд, Халх гол, Чулуунхороот сумын гянт болд, Мардайн ураны орд, Адуунчулууны нүүрсний ил уурхайгаас хүрэн нүүрс, Сангийн далайгаас хүнсний давс, Цавын орд газраас хайлуур жонш, холимог металлолборлон ашиглаж байна. Мөн Матад сумын нутаг Тамсагийн сав газарт нефть олборлох үйлдвэр ажиллаж байна.

Уур амьсгал : Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тундас бага хуурай уур амьсгалтай. Жилийн дундаж темпратур 0.5 хэм, 1-р сарынх -21.3 хэм, 7- р сарынх 19.9 хэм хүрдэг бөгөөд дундажаар 251-260 өдөр нь нартай цэлмэг байдаг. Жилд дунджаар 150-300 мм тундас унадаг, агаарын даралт 1-р сард 932.5 гПа, 7-р сард 919.4 гПа, салхины жилийн дундаж хурд 3.6 м/с хүрдэг.  

Гадрагын ус : Хэнтий нуруунаас эх авч Хэрлэн, Онон, Улз, Тээл, Дөч, Галын гол, Хянганы нуруунаас эх авч урсах Халх, Нөмрөг, Дэгээ зэрэг номхон далайн ай савд хамрагдах 3060 км урттай 128 гол горхи, 300 гаруй булаг шанд, Буйр, Яхь, Хөх, Баруун шаварт, Баян, Эрхэт, Шаварт, Шорвог, Сангийн далай зэрэг, том жижиг 179 нууртай. Түүнчлэн Цагаан хөндийн, Минжүүр, Эрээн, Цагаан чулуут зэрэг халуун, хүйтэн 30 гаруй рашаантай.

Хөрсний бүрхэвч : Нутгийн хойд хэсгээр болон Их Хянган, Халх гол орчмоор хар хүрэн, хүрэн, уулын хар хүрэн хөрс зонхилдог бол хээр талд хүрэн ба цайвар хүрэн хөрс тархсан байна. Нутгйин төв, зүүн, зүүн өмнөд хэсэг нь улиралын цэвдэг чулуулагтай бүсэд хамаарна.

Ургамалжилт : Дорнод аймгийн нутагт Хялгант хээр, зүр өвст хээр, уулын хээр, хиагт хээр, зонхилох бөгөөд хус, улиас, нарс, шинэсэн ой, үрэл, мойл, улаалзгана, нохойн хошуу, аньс, гүзээлзгэнэ, долоогоно зэрэг жимс жимсгэнэ,таана, хөмөл, мангир, зэрлэг сонгино, мөөг зэрэг хүнсний ургамал, навтгар таван салаа, агь, сөд, царвант шарилж, цагаан мөөг, буриад хонин зажлуур зэрэг эмийн ургамал ургадаг. Мөн монгол улсаас өөр улсад ургадаггүй, ховор, олон төрлийн эфирийн тос агуулсан ургамал ургадаг.

Амьтны аймаг : Дорнод аймгийн нутагт 6 баг, 17 овог, 47 төрөлд хамаарах 70 зүйл хөхтөнтэй. Төв Азийн зэрлэг амьтаны сүүлчийн их сүрэг болох цагаан зээрийн өлгий нутаг юм. Дорнод аймгийн зүүн өмнөд хэсгийн Их Хянганы нурууны салбар уулсаар Монгол Улсын улаан номод бичигдсэн хар мөрний хандгай, голын халиу, дорнодын сармаахай зэрэг хөхтөн, гургуул, тоодог, уран шувуу зэрэг шувууд% тул загас байдаг.Монгол оронд байдаг шувуудын 72.6 % нь Дорнод бүсэд нутгалдаг бөгөөд 330 зүйлийн шувуу бүртгэгдээд байна.Улз голын хөндий, Улз голоос Дагуурын хээр Тарь нуур хүртлэх нутаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийд ховордсон, устаж болзошгүй олон зүйл шувуудын өндөглөн зусаж, нүүдлийн үедээ дайран өнгөрдөг буудал, шувуудын амьдрах таатай орчин болдог тул улсын тусгай хамгаалтанд авчээ.

Түүх соёл, байгалийн дурсгал : Чойбалсан хотын орчмын бүлэг булш, Тамсагийн чулуун зэвсэгийн суурин, X-XI зууны Киданы үеийн Хэрлэн бар хот, Тогоонтөмөр хааны барс хот III, Хүннүгийн үед холбогдох барс хот II, Хэрмэн зам, XIX зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулуунууд, Угтам Алтан Очирт ламын, Бандид ламхай, Арын мэргэн хамбын зэрэг сүм хийдийн туурь, Халх голын хөшөө дурсгалууд зэрэг түүхийн хөшөө дурсгалууд олонтой.Монгол дагуур, Халх Нөмрөг, Дорнод монголын ДЦГ, Тосонхулстай, Яхь нуур, Угтамын БНГ, зэрэг улсын тусгай хамгаалалтай газар нутаг болон монгол  орны хамгийн нам дор цэг болох Хөх нуур, Мэнэнгийн өргөн уудам тэгш тал,буйр нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.  

Дорнод аймгийн түүх соёлын дурсгалт газар буюу байгалийн  үзэсгэлэнт газрууд

Чойбалсан хотын төвд:

  • Монгол улсын Маршал, Улсын хошой баатар Х. Чойбалсангийн хөшөө. /Хотын хуучин төвд/
  • Монгол дайчдын хөшөө /Хотын хуучин төвд/
  • Зөвлөлтийн нисэгчдийн хөшөө /Хотын хуучин төвд/
  • Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт Ц.Дамдинсүрэнгийн хөшөө /Аймгийн төв номын сангийн урд/
  • Бөртө үжиний хөшөө /Хэрлэн зочид буудлын өмнөх талбайд/
  • Халхын голын дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын булш Генерал Куропаткины хөшөө /Хотын хойд захад/
  • Баянтүмэн хотыг бөмбөгдсөн газарт босгосон дурсгал /Хотын хуучин төвд/
  • Түүх, угсаатны зүйн музей
  • Байгалийн музей
  • ЗХУ-ын Маршил Г.К. Жуковын музей

Чойбалсан хотын хойд чиглэлд:

  • Хэрлэн бар хотын туурь – Цагаан-Овоо сумын Хэрлэн голын хойт эрэгт /Аймгийн төвөөс – 90 км/
  • Баян-Уул, Эрээн, Онон – Хэнтийн нурууны салбар, байгалийн үзэсгэлэнт газар, Онон голын сав газар /Аймгийн төвөөс 260 км/
  • Чингэсийн хэрмэн зам – Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагалын нутгаар үргэлжилсэн /Аймгийн төвөөс 180 км/
  • Их газрын чулуу – Баяндун, сумын нутаг дахь байгалийн үзэсгэлэнт газар /Аймгийн төвөөс 160 км/
  • Монгол дагуурын ДЦГ
  • Угтам уул БНГ
  • Яхь нуур БНГ
  • Тосонхулстай БНГ
  • Гүнцэнгэлэг ОНТХГН
  • Цагаан хөндийн ОНТХГН
  • Чухын нуур ОНТХГН

Чойбалсан хотоос зүүн урагш чиглэлд:

  • Мэнэнгийн тал – Матад, Халхгол сум /Аймгийн төвөөс 80 км/
  • Буйр нуур – Халхгол сум /Аймгийн төвөөс 311 км/
  • Шонх таван толгой дахь Түргийн үеийн хүн чулуу – Халхгол сумын Ялалт багаас 7 км /Аймгийн төвөөс 347 км/
  • Их бурхант цогцолбор – Халхгол сумын нутагт Ялалт багаас 40 км /Аймгийн төвөөс 380 км/
  • Хамар даваан дахь Баян цагааны нуруу - Ялалт багаас 47 км / Аймгийн төвөөс 387 км/
  • - Ханан хөшөө
  • - Яковлевийн хөшөө
  • - Монголын хилчин дайчдын хөшөө
  • - 90 баатарын хөшөө
  • - Ялалтын хөшөөний цогцолбор
  • - Г.К. Жуковын командын байр зэрэг түүхт газрууд бий.
  • Дайчин алдрын “Ялалт” музей – Халхгол сумын төвд /Аймгийн төвөөс 360 км/
  • 1939 оны байлдааны талбар Хайлааст Манхан – Халхгол сумын төвөөс 10 км /Аймгийн төвөөс 370 км/
  • Ремизонвын өндөрлөг Эмээл манхан – Халхголын зүүн эрэгт /Аймгийн төвөөс 360 км/
  • Хулд, Эрс, Хэрээ уул байгалийн үзэсгэлэнт газар – Халхгол сумын төвөөс 30 км /Аймгийн төвөөс 390 км/
  • Халх Нөмрөгийн дархан цаазат газар - Халхгол сумын төвөөс 130 км /Аймгийн төвөөс 490 км/
  • “Баянхангай” байгалийн үзэсгэлэнт газар – Матад сумын төвөөс 14 км  /Аймгийн төвөөс 144 км/

360 зураг

Зургийн цомог

Газрийн зураг