Угтамын хийд нь хүн, малын гарзыг хаагч Гомбо сахиустай, Чойр, Жүд, Дүйнхор, Ламрим, Зод, Манба дацан гэсэн зургаан дацантай, Өндөр Майдар, Сэрүүн Лаврин зэрэг сүмээс бүрдсэн 12 хүртэл монгол-хятад хийцийн барилга байгууламжтай, 300 гаруй лам хуврагтай, Майдар эргэж, Цам харайдаг шашин мөргөлийн төв болсон хөл хөдөлгөөнтэй газар байжээ.
Угтамын хийдийг 1934 онд нурааж буулгах үед 11 сүм, дуган, 124 ламтай байснаас гавж 14, маарамба 1, нэг жастай үүндээ тэмээ 16, адуу 4, том мал 1,үхэр 1-тэй байсан хэмээн тэмдэглэгдсэн байна.
“УГТАМ ТЭГЧИНЛЭН” хийдийг сэргээх санаачилгыг тус хийдэд 8 наснаасаа 18 нас хүртлээ шавилан суусан ууган шавийн нэг болох Т.Базаргүр ламтан/ өвгөн лам/ билээ. XVII жарны төмөр морин жил буюу 1990 оны хавар Баяндун сумаас Нямдаваа жолоочтой Базаргүр лам гэр бүлийн хамт Навааны Юндэнгийн Самдан, Осоржамц болон сүсэгтэн олонтой ирж рашааны баруун талд майхантай байрлаж дөрөв хонохдоо хийдийг дахин сэргээхээр шийджээ.
Намрын сүүл сард Баяндун, Дашбалбар сумын сүсэгтэн олны хүч зүтгэлээр суварга босгосноор хийдийг сэргээх ажил эхэлсэн. Дашбалбар сумын сүсэгтнүүд Цагаан өвгөн, Махбадар хийдийг сахиж гурван тэмээн тэргээр чулуу, шавар, мод зөөвөрлөж хамтран байгуулжээ. Дуганы зураг чимэглэлийг зураач Лхагва урласан байна. Эдүгээ зуны улиралд хурал ном хурахаар лам хуврагууд морилдог аж