Official website of Dornod aimag tourism website
About us
Уур амьсгал, ус зүй
  • 2019.10.09

Уур амьсгал. Монгол орон Ази тивийн төв хэсэгт дундад өргөргийн сэрүүн бүсэд орших ба эх газрын эрс тэс уур амьсгалтай. Тус аймгийн нутгийн ихэнх нь хээрийн бүсэд орших учир эх газрын эрс, тэс хуурайвтар уур амьсгалтай тал хээрийн шинж ноёрхсон байдаг. 

Жилийн дундаж температур нутгийн хойд болон зүүн хэсгээр 00С – -20С, төв ба өмнөд хэсгээр 00С – +20С үзүүлэлттэй байна. Жилийн хамгийн хүйтэн 1 дүгээр сарын дундаж температур ихэнх нутгаар -200С, Халх голын сав дагуу -250С бол хамгийн их хүйтэн нь Халх голд -470С хүрсэн байна. Харин хамгийн дулаан 7 дугаар сарын дундаж температур 200С, хамгийн их халуун 410С хүрчээ. Тус нутгаар 50С хавар 4 дүгээр сарын 14-нөөс 5 дугаар сарын 1-ны хооронд дайран дулаарч намар 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 13-ны  хооронд дайран хүйтэрч нийтдээ 149-182 хоног 50С - аас дулаан үе үргэлжилдэг байна. Жилд нар гийгүүлэх хугацаа хойд хэсгээр 2700-аас бага цаг, төв ба зүүн хэсгээр 2700-3000 цаг, өмнөд хэсгээр 3000-3200 цаг, зуны нэг өдөр 9-10 цаг, өвлийн нэг өдөр 5-6 цаг байна. 

Жилд дунджаар 200-400 мм хур тунадас унах ба нутгийн баруун хойд Эрээний нуруу, зүүнд Дэгээ, Нөмрөгийн сав дагуу 300-500мм, бусад нутгаар 200-300 мм тунадас унадаг. Тогтвортой цасан бүрхүүл нутгийн баруун хойд ба хойд, зүүн хэсгээр XI сарын 15 – III сарын 20 хүртэл, бусад нутгаар XI сарын 20 – III сарын 10 хүртэл тогтдог. Агаарын даралт жилийн турш жигд 900–950гПа, зонхилох салхины чиглэл баруун, баруун хойд зүгээс байх ба жилийн дундаж хурд 4-6м/с  түүнээс ч их байдаг манай орны салхи ихтэй нутаг юм.

Ус зүй. Тус аймгийн нутаг нь ус зүйн сүлжээний хувьд бүхэлдээ Номхон далайн ай савд хамаарна. Хэрлэн, Халх, Улз, Дэгээ, Нөмрөг, Гал, Дөч, Ямалхай зэрэг гол мөрд, Буйр, Хөх, Яхь нуур болон бусад олон арван жижиг нуур устай. Эмчилгээ сувилгааны ач холбогдол бүхий улсын болон аймаг орон нутгийн зэрэглэлтэй Утаат минчүүр, Хөх нүдэн, Ар булаг, Тамсаг булаг, Шувуут зэрэг 10 гаруй рашаан, Жирмийн цагаан, Хулстайн тосон, Булан шавар зэрэг 10 орчим эмчилгээний шавартай эрдэст нууруудтай. Эдгээр нь бүгд “Нүүрсхүчлийн хүйтэн” рашааны мужид багтдаг. Гол мөрний үндсэн тэжээл нь зуны хур бороо, гүний ус үлдсэн хэсгийг бүрдүүлдэг. Гол мөрөн, нуурын мөсний горим нь намар 11-р сарын сүүлчээр хөлдөж, хавар 4-р сарын дундуур гэсдэг байна.