Дэлхийн газар зүйн ном зохиолд Дагуурын хээр гэгддэг онцлог өвөрмөц төрх байдалтай тал нутгийн өөрийн улсын нутагт орших хэсгийн 1030 ам.дөр.км талбайтай нутгийг манай улс 1992 оноос дархлан хамгаалж байна. Монгол Дагуурын энэ дархан газарт Дорнод аймгийн хойд захаар орших Улз, Ямалах гол дагуух нутгийн зарим хэсэг, Баруун Тарь нуурын урд хөвөө хамрагдана. Энэ дархан газарт нэн ховор жигүүртэн шувууд амьдардаг, тухайлбал Дэлхийд ховордосон 15 зүйл тогорууны 6 нь энд байдаг аж. Ер нь Дэлхийн хар тогорууны 600 нь, цэн тогорууны 70 хувь нь манай улсад бий гэсэн тооцоо бий. Мөн хурган тутгалжин, хошуу галуу, үлдмэл цахлай, хар өрөвтас зэрэг жүгүүртэн бий. Мөн дагуурын зараа, могой зэрэг ховор амьтад амьдарч, дагуур шинэс, цагаан цээнэ, шивүүрт харгана зэрэг олон зүйлийн ховор ургамал ургадаг бөгөөд тал хээрийн унган төрхөө хадгалан үлдсэн газар юм. Чойбалсан хотоос 240 км, Эрээнцав сумын төвд ойрхон оршино. Манай энэ дархан газрын цаана ОХУ-ын Чита мужид Дагуурын дархан газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутагт Далай нуурын дархан газар байдаг. Энэ бүс нутагт олон улсын дархан газар байгуулах асуудлыг Монгол, Орос, Хятад улсын 1994 онд хэлэлцэн тохирчээ