Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Халиун буга
  • 2019.10.08

 Зуны өнгө шаргал, бор хүрэн, өвөл бор саарал. Бие гүйцсэн бугын биеийн урт 213-247 см, согоо 193-232 см, бугын биеийн жин 250-345 кг, сэрвээний өндөр 142-165 см байна. Эрийг буга гэх ба эвэртэй, эврийн урт 1.5 м, далайц 1.3 м хүрнэ. Эмийг согоо гэх ба мухар, төлийг илий гэнэ. Зуны улиралд өвслөг, өвөл, хаврын улиралд модлог, бутлаг ургамал, намар төрөл бүрийн жимс, жимсгэнэ, мөөгөөр голлон хооллоно. Ороо 9-10 сард орох бөгөөд энэ үед бугын дуудлага нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчөө тодорхойлох гэх мэт олон талтай. Ихэрлэх нь ховор, согоо 5-7 сард голчлон нэг илий гаргана.

Тархац, популяцийн чиг хандлага. Халиун бугын тархац манай орны ойн бүсийн хилтэй тохирох боловч олон янзын амьдрах орчинд амьдарч чадна. Тархацын янз бүрийн хэсэгт бугын амьдрах орчин нас, хүйсээр ялгаатай байна. Биологийн хүрээлэнгээс 1986 онд нийт 115000 км2 нутагт 130000 толгой гэж тогтоож байсан бол 2004 онд ердөө 8000-10000 бодгаль болж 20 хүрэхгүй жилийн дотор тоо толгойн 92 хувиар буурсан байна. Тоо толгойн бууралтанд хууль бус агнуур, амьдрах орчны доройтол нөлөөлж байна гэж үзжээ. Сүүлийн жилүүдэд халиун бугын тоо толгой манай орны газар бүрт өсөх хандлагатай байгаа. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор халиун бугыг (Cervus elaphus) ховор амьтны жагсаалтанд оруулсан ба зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнадаг. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглоно.