Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Өмхий хүрэн  
  • 2019.10.08

Манай орны ойгоос бусад бүх нутагт түгээмэл тархсан үслэг ан. Зүс цайвар шаргал, бор шаргал, хэвэл, хажуу бор шаргал. Үс урт, ноосорхог. Ялангуяа хондлой, зоо нурууны үс бусад газрынхаас урт байдаг. Гуужилт 3,4 дүгээр сард эхэлж 10,11 дүгээр сард үс,хөрс гүйцэнэ. Ороо нийллэг 2,3 дугаар сард болж, 35-40 хоногийн дараа тарвага, зурам, огдойн орхисон нүхэнд зөөлөн өвс, хагд, шувууны өд, малын үс, ноос дэвсэж 8-10 гөлтрөг гаргана. Гөлтрөг эхээ 2 сарын турш хөхөж, бор хоолонд орж бие даан амьдарна. Шөнийн амьдралтай. Зун ихэвчлэн үдшийн бүрэнхийгээр, идэш тэжээл ховор өвөл, хаврын улиралд өдөр ч гөрөөлнө. Гэхдээ үүрнээсээ нэг их холдохгүй, тэр хавиараа бие биеээ бараадан үлийн цагаан, зурам, огдой, тарваганы нүх дамжин гөрөөлдөг. Зонхилон үлийн цагаан, зурам, огдой болон шувуу зэргээр хооллохоос гадна бие гүйцсэн өмхий хүрэн тарваганы мөндөлийг барьж иддэг. Дорнод аймагт жижиг толгод, уулын ам, хөндий, гуу жалганд цөөн тоогоор тохиолддог байна.