Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Мэдээ мэдээлэл
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • 2023.12.01
"Аялал жуулчлалын судалгаа 2023" эрдэм шинжилгээний хуралд салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд 30 гаруй сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээ олон нийтэд танилцуулан, хэлэлцүүллээ.

Энэ удаагийн хурлыг “Аялал жуулчлалын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлнэ” зорилтын хүрээнд зохион байгуулж, эрдэмтэн судлаач, салбарын төлөөлөл, оюутан залуус гээд 200 гаруй хүн оролцов.  

Монгол улсын аялал жуулчлалын салбарыг олон улсын түвшинд хүртэл хөгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоход шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаа нэн шаардлагатай байгаа. Иймд төр хувийн хэвшил, салбарын эрдэмтэн судлаачид нэгдэн ажиллах нь чухал тул энэ жил Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулсан. 

Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх тус холбоо төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудын оролцоог хангуулж, уялдаа холбоо сайжруулах нэгдсэн санал дүгнэлтийг засгийн газарт танилцуулах чиглэлээр ажиллаж байгаа. 

2023 онд аялал жуулчлалын салбарыг сэргээхэд чиглэсэн олон арга хэмжээ хэрэгжүүлснээс онцолбол Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс хийсэн тооцоо, судалгаанд үндэслэн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшсэн чадварлаг боловсон хүчнийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. 

Нэн тэргүүнд аялал жуулчлалын чиглэлийн мэргэжлийг эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулж, шилдэг оюутан залууст БОАЖ-ын Сайдын нэрэмжит тэтгэлэг олгож, төгсөх курсийн оюутнуудыг цалинтай дадлага хийх боломжоор хангасан нь үр дүнгээ өгч эхнээсээ эрэлт, нийлүүлэлтээ хангаад эхэлснийг дурдав. 

Шинжлэх ухаанч, тооцоо судалгаатай шийдвэрүүд нь салбарын хөгжлийг тодорхойлсноор олон улсад Монгол орны нэр хүндийг зөвөөр таниулахад чухал гэж эрдэмтэд үзэж байна. Түүнчлэн тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүн 2024, 2025 онд илүү мэдрэгдэх болно гэдгийг зарим судлаачид онцоллоо. 

Mongolian Tourism Organization

Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг

Байгаль орчин, аялал жуулчлалын яам