Official website of Dornod aimag tourism website
ШОНХ ТАВАН ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУ
  • Historical

Дорнод аймгийн Халх гол сумын өмнө 7 км зайтай Шонх таван толгой нэртэй газарт хоёр хүн чулуу буй. Эхнийх нь 18х15х0.4 метр хэмжээтэй гонзгой дөрвөлжиндүү шороон овгорын зүүн хэсэгт босоо байдалтай сул байна.

Цагаан өнгийн гантиг чулуугаар түшлэгтэй исэр сандалд заларч буй эр хүний дүрсийг тун уран чадварлаг цоолборлон уралсан, эвдэрч хэмхэрсэн зүйл бараг үгүй сайнаараа байгаа нь тун онцлог юм. Зүүн гартаа урт иштэй цомбон хундага баруун гараа сандлын тохойвч дээр тавин суужээ. Шанаархаг өргөн нүүр, жирэвгэр хөмсөг, жартгардуу том нүдтэй бөгөөд бөмбөгөр оройтой зузаан хүрээтэй оройдоо жинс, ардаа залаа бүхий дүгрэг малгай өмсч хоёр чихний араар багцалж боосон шибилгэр гэзэг унжуулжээ. 

Дээлнийхээ гадуур богино ханцуйтай урт хормойтой хоёр ташаандаа оноо бүхий хувцас давхарлан өмссөн нь ганц эмжээртэй зөв ташуу энгэртэй ба үүний хормой дотуур өмссөн дээлийнхээс арай богино болохыг тун бодитой илэрхийлжээ. Баруун ташаандаа мөлгөр булантай, зүүн ташаандаа дөрвөлжин хавтага зүүсэн нь онооны завсараар цухуйж харагдана.Хөлдөө шовгордуу хоншоортой, нимгэвтэр ултай гутал өмссөн нь хормой дороос цухуйж сандалын доорхи тавцанд гишгэсэн байна. Сандалын хөл хооронд зөрөлдсөн ба уулзвар дээр нь цэцэг хэлбэрийн тав гаргаж түшлэгнийн арыг цэцгэн хээгээр чимжээ. Хэмжээ нь 164х61х41 см.

 Анх бүтэн байхдаа дээл хувцасны цээжин хэсгээр битүү хээ угалзтай байсны бүдэг ором мэдэгдэх ба ерөөс энэ хөрөг хүний зүс царай, бие бялдарын хэмжээ харьцааг нарийн сайн илэрхийлж уран чадварлаг дүрслэгдснээрээ нэн онцгой.Энд дүрслэгдсэн хувцас, гэзэг, эд юмс, сандал зэрэг нь XIII-XIY зууны дурсгал болохыг гэрчилнэ.Нөгөө нэг хүн чулууг шаргал өнгийн боржин чулуугаар мөн л суугаа хүний дүрс оруулан хийсэн ба түрүүчийнхээс баруун хойш 200 метр орчим зай дахь шороон овгорын өмнө сул хэвтэнэ. Баруун гартаа хундага барьж, зүүн гараа өвдөгт тавьжээ. Хэмжээ нь 136х50х43 см. Толгойн оройн хэсэг хагран алга болж нүүр нь элэгдэн мөлийжээ.Ар талд шилэн хүзүүг халхалж доош унжсан гурвалжин үзүүртэй шилэвч, түүний үзүүрээс доош унжсан үзүүртээ бөөрөнхийтэй залаа дүрслэгджээ. Нарийн ханцуйтай дээлий гадуур түрүүчийн хөргийнхтэй адил богино ханцуй, урт хормойтой дээл давхарлан өмссөн байна. 2 ташаандаа дугуй ёроолтой уут хэлбэрийн хавтага зүүсний хамт хутга, сэтгүүр мэт зүйлс зэрэгцэн унжина. Хормойн дороос мухар хоншоортой гутлын хамар цухуйжээ. Сандлын арын түшлэгний дээд ирмэгт хоёр талаар дугуйрсан хоёр эвэр угалз гаргаж чимэглэж хоёр талын гар тавих тохойвчийг ч мөн ийм дугуйрсан хэлбэр гарган урлажээ.Энэ дурсгал нь дээр өгүүлсэн хүн чулуутай хийц дүрслэл, дүрслэж гаргасан эд юмсын хэлбэр хийц адил, мөн XIII-XIY зууны үед холбогдох юм. Эдгээрийг 1962, 1969, 1984 онд судлан шинжилжээ.

Gallery