Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
ДОРНОД АЙМАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦАХИМ ПЛАТФОРМТОЙ БОЛЛОО
  • 2026.01.01 - 2026.01.01

Дорнод аймаг аялал жуулчлалын салбараа дэмжих, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлалын нэгдсэн цахим платформтой боллоо.
Тус платформ нь аймгийн аялал жуулчлалын нөөц, үйлчилгээ, соёл, байгаль, түүхийн мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна.

Дорнод аймаг аялал жуулчлалын салбараа орчин үеийн мэдээллийн технологитой уялдуулан хөгжүүлэх зорилгоор аялал жуулчлалын олон төрлийн мэдээллийг нэг дор төвлөрүүлсэн нэгдсэн цахим платформыг амжилттай нэвтрүүллээ. Тус платформ нь аялал жуулчлалын маршрут, хөтөлбөр, эвент арга хэмжээний мэдээллээс эхлэн соёлын биет болон биет бус өв, тэдгээрийг өвлөн уламжлагчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, археологи, палеонтологийн олдвор, судалгааны бүтээгдэхүүн, үзэсгэлэнт байгалийн газрууд, түүх, музейн үнэт олдворуудын товч танилцуулга зэрэг аялал жуулчлалын өргөн хүрээтэй мэдээллийг багтаасан цогц мэдээллийн сан болж байна.

Мөн тус платформд рашаан, сувилал, амралтын газар, хүүхдийн зуслангийн мэдээлэл, жуулчны бааз, аяллын хөтөлбөр зохион байгуулагч агентлаг, ресторан, зочид буудлуудын мэдээлэл, сумын хэмжээнд жуулчинд үйлчлэх жолооч, хөтөч тайлбарлагчдын бүртгэл, жуулчин хүлээн авах боломж бүхий малчны кемп, малчны лагерь, аймгийн төвд хост айлаар ажиллах боломжтой өрхүүдийн мэдээллийг системтэйгээр байршуулсан нь орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний сүлжээг өргөжүүлэх чухал алхам болж байна.

Түүнчлэн бүх мэдээллийг монгол, англи хэл дээр зэрэг байршуулж буй нь гадаад, дотоодын жуулчдад мэдээллийг саадгүй хүргэх, Дорнод аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд илүү үр дүнтэй сурталчлах боломжийг нээж өгч байна. Ингэснээр жуулчид аяллаа төлөвлөхдөө маршрут, үзвэр үйлчилгээ, байрлах газар, хөтөч, тээврийн мэдээллийг нэг дороос авах нөхцөл бүрдэж, аяллын чанар, аюулгүй байдал, тав тух мэдэгдэхүйц дээшлэх давуу талтай юм.

Энэхүү платформын бас нэгэн чухал ач холбогдол нь соёлын өв, археологи, палеонтологийн олдворууд, түүхэн дурсгалт газруудын талаарх мэдээллийг эмх цэгцтэй, шинжлэх ухаанч байдлаар нийтэд хүргэх замаар орон нутгийн өв соёлыг хамгаалах, өвлүүлэх, олон нийтэд зөв ойлголт түгээхэд бодит хувь нэмэр оруулж байгаад оршино. Үүний зэрэгцээ орон нутгийн малчдын кемп, хост айлуудыг аялал жуулчлалын сүлжээнд хамруулснаар иргэдийн орлого нэмэгдэх, хөдөөгийн амьдрал, уламжлалт соёлыг жуулчдад бодитоор таниулах шинэ боломжууд нээгдэж байна.

Ийнхүү олон төрлийн цэс, баялаг агуулгатай аялал жуулчлалын цахим платформтой болсноор Дорнод аймгийн аялал жуулчлалын салбар илүү ил тод, хүртээмжтэй, зохион байгуулалттай болж, орон нутгийн эдийн засаг, бизнес, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ зүүн бүсийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийн чухал дэд бүтэц бүрдэж байна. Энэхүү санаачилга нь Дорнод аймгийг Монгол Улсын аялал жуулчлалын онцлох бүс нутгуудын нэг болгон хөгжүүлэхэд бодитой түлхэц өгөх ач холбогдолтой юм.

https://dornod.hinomad.mn/mn