Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөрлөг тав дахь жилдээ Дорнод аймгийн Чойбалсан хотноо болох гэж байна. Энэ сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэх өдөрлөгийн хүрээнд “Хэрлэн экспо 2014” үзэсгэлэн худалдаа, “Бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагаа -2014 форум”, “Зүүн бүс түншлэл-2014” бизнес эдийн засаг, аялал жуулчлалын форум, Монгол, Орос , Хятад гурван улсын хувцас загварын наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.
Мөн гурван улсын үндэсний хувцасны “Дорнын гоёл -2014” загварын наадам зохиогдох юм байна. Дорнод аймаг газар зүйн байрлалын хувьд Орос, Хятад хоёр улстай хиллэдэг тул хилийн худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой, зүүн бүсийн тулгуур төв юм. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулах юм байна.