Дорнод /МОНЦАМЭ/. “Баргажин-2018” олон улсын наадам Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо болж байна. Наадамд ОХУ-ын Буриад улсын Курумкан, Баргужин аймаг, ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошуу, Хуучин барга хошууны барга угсаатнууд, зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Барга түмний уламжлалт соёлын санг баяжуулах, барга зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий энэхүү наадам дөрөв дэх удаагаа болж буй нь энэ юм. Анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд “Баргажин” наадмыг зохион байгуулж байжээ.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн наадмыг нээж хэлсэн үгэндээ: “Дорнод Монголын уудам тал нутагт амьдарч ирсэн Халх, Барга, Буриад, Үзэмчин, Хамниган зэрэг угсаатны бүлгүүд өөр өөрийн ахуйн соёл, зан үйлийн өвөрмөц онцлогоо он цагийн уртад тээсээр өнөөг хүрч ирлээ. Энэ 21-р зуунд үндэсний уламжлалт түүх, соёл урлаг, зан заншлын баялаг өв сангаа сэргээх, хадгалах, хойч үедээ өвлүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Барга түмэн бол Монгол Улсынхаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Монгол угсаатан юм” хэмээн онцлов.
“Баргажин 2018” наадмын хүрээнд түнх сурын харваа, толиот бөхийн барилдаан, их нас, соёолон морьдын уралдаан, барга ардын дуу, барга түмний сэдэвт зохиолын дууны болон “Баргажин-2018” хувцас загварын уралдаан болно. Яг одоо наадам “Барга судлалд орчин үеийн тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Баргажин-I, II, III” фото зургийн уралдаанаар үргэлжилж байна.