Official website of Dornod aimag tourism website
News
Дорнодын уудам талын байгалийн үзэсгэлэнт газар, ан амьтны нөөц, онцлог1
  • 2019.10.29
Дорнодын уудам тал бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн экологийн хувьд унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн, талын экосистем бүхий дэлхийд цөөхөн газар нутгийн нэг юм.

Дорнодын уудам тал бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн экологийн хувьд унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн, талын экосистем бүхий дэлхийд цөөхөн газар нутгийн нэг юм.

Дорнод аймаг 123,5 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, газарзүйн байршлын хувьд хойд талаараа ОХУлс, зүүн, зүүн өмнөд талаараа БНХАУ-тай, баруун, баруун урд талаараа Сүхбаатар, баруун талаараа Хэнтий аймагтай хиллэдэг, Ази номхон далайн орнуудад хамгийн ойр дэд бүтэц, зам тээврийн хувьд харьцангуй сайн аймаг юм. Чойбалсан хот Улаанбаатар хотоос 665 км алслагдсан, далайн түвшнээс дээш 700 метрт оршдог.

Хойд хэсгээрээ Хэнтийн нурууны салбар уулс, зүүн өмнөд талаараа Хянганы салбар уулсаар хүрээлэгдсэн, нийт нутгийн 30 хувийг ойт хээр, 70 хувийг тал хээрийн бүс эзэлдэг.

Дорнод аймгийн нийт нутгийн 4/5-ийг тэгш тал, гүвээ тогод бүхий тал хээр эзэлдэг ба зүүн өмнө хэсэгт Дорнод монголын /Мэнэн, Тамсаг, Матадын/ өргөн уудам тэгш тал үргэлжилдэг бөгөөд улсын тусгай хамгаалалтад нийт 5704 км2 буюу 570,4 мянган га талбай байна. Монгол улсын алдарт уудам тэгш тал “Мэнэнгийн тал” 100 гаруй км үргэлжлэх бөгөөд зарим газраараа 150 км өргөн юм. Монгол улсын хамгийн нам дор газар болох Хөх нуур далайн түвшнээс дээш 560 м өндөрт оршдог.

Дорнод аймаг эх газрын эрс тэс уур амьсгалтай. Нарлаг өдөр олонтой, жилийн 250-260 өдөр нартай цэлмэг, жилд дунджаар 200-300 мм тунадас унаж, цаг агаарын дундаж температур өвөлдөө -27, зундаа +21 хэм байдаг, нэлээд хуурай, хур тунадас бага ордог, ихэвчлэн баруун болон баруун хойт зүгээс 2-6 м/с хүртэл салхилдаг. Өвөл цас баг хүйтэн бөгөөд удаан үргэлжилдэг, хавар, намар, зун богино, хур тунадас бага байдаг.

Дорнод аймгийн гол нуурууд нь Номхон далайн ай савд хамаарах бөгөөд 3060 км урттай 128 гол горхи, 173 нуур, 300 гаруй булаг шанд тэмдэглэгдээд байна. Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн, Онон, Улз, Тээл, Дөч, Ямалх, Хянганы нуруунаас эх авсан Халх, Нөмрөг, Дэгээ, Галтастай, Алтан гол зэрэг голууд, Буйр, Яхь, Хөх, Сүм, Баруун шаварт, Баян эрхэт, Шаварт, Шорвог, Жирмийн цагаан, Бор давст, Булган шавар, Галуут, Дөрөө, Чух, Гүнцэнгэлэг, Галт зэрэг олон нуур байдаг. 

Эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох олон төрлийн рашаан устай. Цагаан хөндийн рашаан нь ходоод, хоол боловсруулах эрхтний эмчилгээний зориулалттай бөгөөд гидрокарбонат, кальци, магни, натри, нүүрсхүчлийн хий, цахиурын исэл агуулсан эрдэсжилт 1,5 гр/л. Цагаан хөндийн рашаанаас холгүй уушигний Лүнгийн рашаан, бөөрний эмчилгээний зориулалттай Эмтийн рашаан оршдог. Утаат минчүүр хэмээх монгол улсад цор ганц эмчилгээний өндөр ач холбогдолтой халуун хийн рашаантай.

Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн 40 гаруй зүйлийн эмийн ургамал, 10 орчим зүйлийн ашигт ургамалтай ба Монгол улсаас өөр улсад ургадаггүй, ховор, олон төрлийн эфирийн тос агуулсан ургамал энэ бүс нутагт ургадаг. Эдгээр ургамлууд тансаг үнэртэй, эмийн үйлдвэрт хамар хоолой, амьсгалын замын болон үрэвсэлт өвчин анагаах эм бэлдмэл гаргах, гар нүүрийн арьс төлжүүлэх, элдэв цацраг туяанаас хамгаалах гоо сайхны үйлдвэрт хэрэглэгдэх ирээдүйтэй.

Дорнод аймгийн нутагт 6 баг, 16 овог, 47 төрөлд хамаарах 70 зүйл хөхтөн амьтан байдаг ба үүнээс нэн ховор 6, элбэг тархацтай 3, ердийн тархацтай 30 гаруй зүйл байдаг. Агнуурын ач холбогдолтой зээр, тарвага, шар үнэг, хярс, чоно зэрэг 24 зүйл хөхтөн амьтан байдаг.

Дорнод аймгийн тал хээрийн бүс нь төв азийн цагаан зээрийн өлгий нутаг. Төв азийн цагаан зээрийн 70 хувь нь энд оршин нутагладаг. 2004 оны байдлаар 700,0 мянган цагаан зээр тоологдсон. 

Онон, Улз, Халхголын сав нутгуудад дэлхийн улаан номд орсон буга, хандгай, баавгай, гахай, ондатр, илбэнх, шилүүс зэрэг 20 орчим зүйлийн ховор амьтдаас гадна бүх нутгаар үнэг, хярс, чоно, дорго, мануул, бор гөрөөс, цагаан зээр, төрөл бүрийн махчин шувууд амьдардаг.

Аймгийн хэмжээнд 330 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Үүнээс байнгын суурин байдаг 61, нүүдлийн 262, зусаж өндөглөдөг 212, дайрч өнгөрдөг 66 зүйл шувууд байдаг байна. Мөн дэлхийн болон Монголын улаан номонд бүртгэгдсэн, дэлхийд нэн ховордсон 22 зүйлийн ховор шувууд нутагладаг. Тал хээрийн бүсийн Улз голын сав газар ба Азаргын голын адаг, Ташгай нуур орчимд гадаадын шувуу сонирхогчид, жуулчдын сонирхол татах, дэлхийд нэн ховордсон цэн тогоруу, цагаан тогоруу, алаг тогоруу, хар тогоруу, реликт цахлай, хургач бор, цууцал, монгол бялзуухай зэрэг нийт 38 зүйлийн ховор жигүүртэн шувууд байдаг.

Дорнод аймагт байх гол нууруудад 11 овог, 36 төрөлд хамаарах 41 зүйл загас бүртгэгдээд байгаагаас ердийн тархацтай 24, ховор 12, нэн ховор 4 зүйлийн загас байна. Үүнээс Халхголд 20, Нөмрөг голд 14, Дэгээ голд 8, Азарга голд 2, Тамсагийн булагт 2, Хэрлэн голын савд 24, Шаазан нуурт 10, Улз, Хөх, Дөрөө нуурт 9, Онон голын саваар 28 зүйл загас байна.