Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Зэрлэг гахай
  • 2019.10.08

 Зэрлэг гахай бараан хүрэн, бор саарал зүстэй. Урт, өтгөн, ширүүн үстэй. Сүүл богино. Толгой данхар, хоншоор урт, хүзүү богино. Бодон ил гарсан хүчирхэг, махир соёотой. Мөч богино, бахим, эмгэн туурай харьцангуй урт. Биеийн урт 125-180 см, сэрвээ 80-100 см өндөр, сүүлний урт 20-30 см, биеийн жин 125-200 кг хүрнэ. Мэгж өөрийн үр төлийн хамт сүрэглэнэ. Ороо нийллэг 11 дүгээр сараас 1 дүгээр сар хүртэл үргэлжилнэ. Элдэв идэшт амьтан. Гол төлөв ургамлын ногоон хэсэг, үндэс, хушны самар, элдэв үр жимс, булцуу, нугаламгүй амьтан, жижиг нугаламт амьтнаар хооллоно. Мэгж 3-5 дугаар сарын хооронд төллөж, 3-10 торой төрүүлнэ. Хээлээ 110-120 хоног тээнэ. Зэрлэг гахай 2-3 настай бэлэг боловсорч үржилд орно. Зун өглөө эрт, оройн бүрэнхийд илүү идэвхитэй, бараг өдрийн турш бэлчээрлэнэ. Байгальд 8-10 жил наслана. Монгол улсад зэрлэг гахай нь уламжлалт анд тооцогдож ирсэн бөгөөд S.sc.sibiricus, S.sc. migripes гэсэн хоёр зүйл байдаг. 

Монгол улсын Улаан номонд Зэгсний гахай (S.sc migripes) нь нэн ховор зэрэглэлд орсон. Дэлхий дахинд CITES –н худалдааны статуст Sus scrofa ороогүй, IUCN-н Улаан номонд эрсдэл багатай, тусгай анхааралд авах шаардлагагүй гэж ангилжээ.