Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Цагаан зээр
  • 2019.10.08

 Монгол орны тал хээрийн уудам нутагт сүрэглэн амьдардаг хөхтөн. Цагаан зээрийн эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага, эрэгчин шүдлэнг цэнхэр ооно, охин шүдлэнг зусаг шаргачин, сүргийн манлайг цэгц гэдэг. Хул шаргал зүстэй, богино сүүлтэй, цагаан шаргал танатай, шаргачин нь эвэргүй, ооно нь арагшаа тахийж үзүүр нь дотогш эргэсэн хоёр шорон эвэртэй. Биеийн урт 100-145 см, сэрвээний өндөр 54-58 см, биеийн жин ооно 40-45 кг, шаргачин 30-32 кг, оонын эврийн урт 180-200мм байдаг. Хиаг, хялгана, агь, дэрс, хазаар өвс, үет ургамалжилтай хялганат хээрт идээшин амьдарна. Ороо хөөцөлдөө 12 дугаар сараас эхэлж 1 дүгээр сарыг дуустал үргэлжилнэ. Шаргачин хээлээ 5-6 сар тээж 6 дугаар сарын сүүлч 7 дугаар сарын эхээр голдуу нэг янзага гаргана. Хавар 5 дугаар сард үс гуужиж, намар 10 сард өвлийн үс нь гүйцнэ. Цагаан зээр ихэвчлэн олноор сүрэглэх ба идэш тэжээлийн байдлаас хамаарч олон зуун километрийн алсад нүүдэллэнэ. Хурц туурайгаараа өвсний үрийг газарт шигтгэж өгдөгөөрөө ашигтай. Зээрийн сүрэг долоо хоногт 100-150 километр алсад нүүдэллэдэг. Цагт 80, 90 километр хурдалдаг.