Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Ойн солонго
  • 2019.10.08

 Ерөнхий зүс нь улаан шаргал, хамар дээрээ хар судалтай, хоншоор эрүүн доогуур цайвар, зундаа бараандуу хүрэн, толгой уртавтар, зарим бодгаль хоолойдоо цагаан толботой, өвөл хөлний ул үсээр хучигдах ба хөлийн хурууд хоорондын арьсан холбоос сайн хөгжсөн. Хошуу хар учир заримдаа “хар амт солонго” ч гэдэг.  Монгол орны хуш шинэсэн, шинэсэн ой тайгад хад асга, торлог ширэнгэд тархсан мах идэшт жижиг үслэг амьтан. Биеийн урт 35-40 см, сүүл 14-18 см, жин 0,65-0,82 кг. Зун намартаа үдшийн бүрэнхий, үүрийн харанхуйгаар гөрөөлж ойн жижиг мэрэгчид, шувуу барьж иддэг. Нэг удаагийн гөрөөлөлтөөр 3-4 км явдаг ба хамгийн том олз нь туулай, хэрэм мөн хоёр нутагтан мөлхөгч, газрын бусад сээртэнг идэш болгоно. Өвлийн сүүлч хаврын эхэн сараас ороо хөөцөлдөө болж 4-5 сард 28-30 хоног хээлээ тээж 2-10 зулзага гаргах ба модны хонгил, унасан дархи, хадан завсар, доогуур үүрлэнэ. Ойн солонго нь Хангай, Хэнтий, Хөвсгөлийн ой тайга, Их Хянганы уул, Халхын гол, Хан-Хөхий, Тэсийн голын адаг, Цагаан Шувуут, Хархираа, Түргэний ууланд тархсан. Мөн Монгол Алтайн нуруу, Монголын уулархаг нутаг цөөн тохиолдоно.