Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Шар үнэг
  • 2019.10.08

Үнэгний өнгө зүс нь газарзүйн байрлал, мөн улирлаас шалтгаалж ялгаатай байдаг. Намар үс нь гүйцсэн үедээ улаан шаргал, хавар зундаа цагаан цайвар зүстэй. Биеийн урт 70-90 см, сүүл 40-60 см, жин 2.5-3 кг. Толгой жижиг, нүд жартгар, хараа хурц, хоншоор уртавтар нарийн, өндөр шовх чихтэй, уртавтар биетэй, харьцангуй богино мөчтэй боловч хурдан шалмаг хөдөлдөг сагсгар гоёмсог урт сүүлтэй, үнэр сайн мэдэрнэ. Ороо хөөцөө хангайд 4 дүгээр сард, тал хээр, говьд 2-3 дугаар сард болдог. Орооны үед хэд хэдээрээ цуглана. Бусад үед ихэвчлэн ганцаараа амьдардаг. Гичий үнэг хээлээ 50-60 хоног тээж, тарваганы орхисон нүх, хадны хонгил, жижиг агуйд үүр засч 5-6 сард зонхилон 5-6, заримдаа 10 хүртэл “гавар” гаргадаг. Судлаачдын тэмдэглэснээр хамгийн тохиромжтой газар нутагт шар үнэгний нягтшил 1 км2 талбайд 1-2 бие гүйцсэн үнэг амьдардаг. Байгалийн нөхцөлд амьдрах орчны хэмжээ дундажаар 1-10 км2 байх буюу суурин газарт ойр нутагт харьцангуй бага байдаг. Тал хээрт тархсан нас гүйцсэн шар үнэг 1.7- 13.8 км2 талбайг эзэмшин амьдардаг бөгөөд өөрийнх нь суурин амьдардаг цөм нутгийн хэмжээ 0.3-2.6 км2 байдаг. Шар үнэг нь чонотой төстэйгөөр тодорхой хамгаалагдсан амьдрах орчинд, бусад амьтадтай бараг давхцаж амьдардаггүй байна. Нэг амьдрах орчинд ихэвчлэн үржлийн нэг хос, заримдаа тэдгээрийн үр төл хамтдаа амьдардаг.

Шар үнэгийг “Амьтны тухай” хуулиар элбэг амьтан гэж ангилж, жил бүрийн 2 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 20 хүртэл агнахыг хориглосон. CITES-ийн хавсралтанд ороогүй, IUCN-ийн “Улаан данс”-д анхааралд авах шаардлагагүй гэж ангилсан байна.